2023 оны тайлант хугацаа дуусаж санхүү, татварын тайлан дээр ажиллах нэлээд завгүй цаг үе эхэлж байгаатай холбогдуулан энэхүү мэдээллийг хүргэж байна. Smart Accounting санхүүгийн системийг бүрэн ашиглаж тайлангаа бэлтгэхийн тулд процесс модуль – тайлант үеийн хаалтын процесс цонх дээрх үе шат бүрийг дагаж өөрийн бүртгэсэн ажил гүйлгээнүүдээ шалгах шаардлагатай. Танд хэрвээ процесс модуль байхгүй бол үе шат бүрийн дэлгэрэнгүй тайлбар дээрх цонх руу орох замыг дагаж хийх боломжтой.
- Зөрчилтэй баримт: Тухайн хэсэгт хулганаа байрлуулан баруун товч дээр товшиж зөрчилтэй баримтуудын жагсаалтыг дуудах, эсвэл Систем – Баримтын жагсаалт – Зөрчилтэй баримтын жагсаалт цонхноос зөрчилтэй баримтын жагсаалтыг дуудаж харах боломжтой байдаг. Зөрчилтэй баримт байгаа тохиолдолд Drill Down хийх буюу энэ сум дээр дарж тухай баримтыг дуудаж зөв болгон засах шаардлагатай. Зөрчилтэй баримт нь 100% буюу ямар ч зөрчилгүй байх шаардлагатай.
- Зөрчилтэй мэдээ: Тухайн хэсэгт хулганаа байрлуулан баруун товч дээр товшиж зөрчилтэй мэдээнүүдийн жагсаалтыг дуудах, эсвэл Систем – Бусад – Смарт Мэдээ цонхноос смарт мэдээний жагсаалтыг харна. Смарт Мэдээ нь Алдаа, Анхааруулга, Мэдээлэл гэсэн төрлүүдтэй байх бөгөөд ямар нэг “алдаа” төрөлтэй мэдээлэл байх ёсгүй.
Смарт мэдээ цонх дээр ажиллахдаа товч дээр дарж бүх зөрчилтэй мэдээг шалгана. Үүний дараа “ТӨРӨЛ” багана дээр “алдаа” гэсэн төрлөөр шүүлт хийж “үр дүн” баганад тэгээс дээш утгатай бүх зөрчилтэй мэдээг засварлаж үр дүнг 100% буюу ямар ч зөрчилгүй болгох шаардлагатай.
- Бараа материалын өртөг бодох: Тухайн хэсэгт хулганаа байрлуулан баруун товч дээр товшиж бараа материалын өртөг бодолтын түүхийг харна. Хэрэв тайлант хугацаанд өртөг бодоогүй байгаа тохиолдолд товч дээр дарж өртөг бодох, эсвэл Бараа материал – Өртөг бодолт цонх руу орж бараа материалын өртгийг бодуулна. Бараа материалын өртөг бодох үе шат 100% гэсэн үзүүлэлтэй байх шаардлагатай. Бараа материалын өртгийн хяналтыг Бараа материал – Жагсаалт – Бараа материалын өртгийн хяналт цонхноос бараа тус бүрээр өртгийн хяналтыг хийнэ. Тухайн барааны хамгийн их эсвэл хамгийн бага өртөг харуулсан баганад байрлах сум дээр дарж ороод өртөг хэрхэн өөрчлөгдсөн мэдээллийг харах боломжтой байдаг.
- Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох: Тухайн хэсэгт хулганаа байрлуулан баруун товч дээр товшиж үндсэн хөрөнгийн элэгдэл тооцсон түүхийг харна. Хэрэв элэгдэл тооцоогүй үндсэн хөрөнгө байгаа тохиолдолд элэгдэл тооцоогүй байгаа сар дээр хулганаа байрлуулаад товч дээр дарж тухайн сарын бүх үндсэн хөрөнгийн элэгдлийг тооцно. Үндсэн хөрөнгийн элэгдлийн тооцоолол зөв эсэхийг хянахдаа Үндсэн хөрөнгө – Жагсаалт – Хөрөнгийн элэгдлийн хяналт цонх дээр анхны өртөг, үлдэх өртөх, ашиглах жил, ашиглаж эхлэх огноо зэрэг тухайн хөрөнгөтэй холбоотой мэдээллүүдийг нэг бүрчлэн шалгана.
- Хангамжийн зардал тооцох: Тухайн хэсэгт хулганаа байрлуулан баруун товч дээр товшиж хангамжийн материалын баримтын жагсаалтыг харна. Хэрэв хангамжийн материалтай холбоотой хийгээгүй үлдсэн ажил гүйлгээ байгаа тохиолдолд товч дээр дарж орлого, зарлага, дотоод хөдөлгөөн, зардалд тооцох, тооллого зэрэг ажил гүйлгээнүүдийг хийж гүйцэтгэх боломжтой.
- Мөнгөн хөрөнгийн ханшийн тэгшитгэл: Тайлант хугацаа дуусах бүрд гадаад валютаарх мөнгөн хөрөнгийн данснуудын үлдэгдлийг төгрөгөөр илэрхийлэх шаардлагатай байдаг. Smart Accounting санхүүгийн систем нь энэ үйлдлийг ханшийн тэгшитгэл цонхоор хийж гүйцэтгэдэг. Smart Accounting санхүүгийн систем нь Ерөнхий журнал – Валютын ханшийн тэгшитгэл цонхоор тайлант хугацаа бүрийн эцэст валют тус бүрээр ханшийн тэгшитгэлийг хийснээр ханшийн бодит бус ашиг, алдагдал үүснэ.
- Харилцагчийн ханшийн тэгшитгэл: Тайлант хугацаа дуусахад валютаарх тооцооны үлдэгдлийг төгрөгөөр тайлагнахын тулд Өглөг авлага – Харилцагчийн ханшийн тэгшитгэл цонхоор харилцагч тус бүрийн үлдэгдэл дээр ханшийн тэгшитгэл хийдэг. Энэ хэсэгт уг үйлдлийг хийсэн эсэхийг шалгана. Харилцагчийн ханшийн тэгшитгэл болон тооцооны ханшийн тэгшитгэл 2-н аль нэгийг сонгон хэрэглэнэ.
- Тооцооны ханшийн тэгшитгэл: Тайлант хугацаа дуусахад валютаарх тооцооны үлдэгдлийг төгрөгөөр тайлагнахын тулд Өглөг авлага – Тооцооны ханшийн тэгшитгэл цонхоор харилцагч тус бүрээр авлага, өглөгийн валютын дансны гүйлгээ бүр дээр ханшийн тэгшитгэл хийдэг. Энэ хэсэгт уг үйлдлийг хийсэн эсэхийг шалгана. Харилцагчийн ханшийн тэгшитгэл болон тооцооны ханшийн тэгшитгэл 2-н аль нэгийг сонгон хэрэглэнэ.
- Ерөнхий болон туслах журнал: Туслах журнал хөтөлдөг данснуудын туслах журналын дүн ерөнхий журналын дүнтэй таарч байгаа эсэхийг шалгадаг. Smart Accounting санхүүгийн системийн туслах журналтай данснууд дээр зөрчил байхгүй байгаа тохиолдолд 100% -ийн үзүүлэлтэй байна.
- Хаалтын гүйлгээ: ААН – үүд тайлант хугацаа бүрийн эцэст орлого, зарлагын түр данснуудыг ОЗНД руу хааж тайлант үеийн ашиг, алдагдлаа тооцоолон ашигтай тохиолдолд татварыг тооцоолон татварын зардлыг хүлээн зөвшөөрдөг. Smart Accounting санхүүгийн систем дээр систем – тохиргоо – ерөнхий тохиргоо цонхонд тохируулсан тайлант үеэр ерөнхий журнал – тайлант үеийн хаалт цонхоор татвар тооцож эсвэл татвар тооцохгүйгээр тайлант үеийн хаалтын гүйлгээг хийдэг. Энэ хэсэгт хаалтын гүйлгээ хийсэн эсэхийг шалгана.
- Шалгуур: Балансын тэнцэл, өмчийн өөрчлөлтийн тайлангийн нөлөөлөл, мөнгөн гүйлгээний тайлангийн үлдэгдэл балансын мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгөтэй таарч байгаа эсэх, орлого үр дүнгийн тайлан дахь тайлант үеийн ашиг алдагдал хурамтлагдсан ашиг, алдагдлын дансанд нөлөөлж байгаа эсэх зэргийг шалгаж харуулдаг.
Тайлант үеийн хаалтын процессын бүх үе шат бүр 100% болсон тохиолдолд таны ААНОАТ, САНХҮҮ БАЙДЛЫН 4 тайлан, ТОДРУУЛГА тайлангууд илгээхэд бэлэн болсон байна.
Нэмэлт: Нягтлан бодогч таны бүргэсэн ажил гүйлгээнүүдийг боловсруулан дээрх тайлангуудыг бэлтгэж байгаа тул өөрийн өдөр тутмын гүйлгээнүүд, данснуудын үлдэгдэл зөв эсэх, ибаримт болон систем дээр бүртгэсэн НӨАТ – ийн өглөг, авлага таарч байгаа эсэх, гүйлгээ баланс зөв байгаа эсэх зэрэгт хяналт тавьж ажиллана.